Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний тархалт нийслэл төдийгүй орон нутагт бүртгэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

Тодруулбал, улаанбурханы батлагдсан тохиолдол 51 болсон байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 24 тохиолдлын хариу лабораториор батлагдаж, сэжигтэй 11 тохиолдлын хариу хүлээгдэж байна гэлээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас найм, Өмнөговь аймгаас дөрвөн тохиолдол тус батлагдаж, бүртгэгдээд байгаа юм. Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгууд болон хүүхдийн байгууллагуудад шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж,  халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1, 2-р өрөөнд, орон нутгийн эрүүл мэндийн төвд үзлэг, вакцинд хамрагдах нь зүйтэй. Мөн тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.