Хамаг Монгол төслийн санаачлагч, МУГЖ, дуучин С.Жавхлан есдүгээр сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Дулаахан намар” тоглолтоо хийхээр болжээ. Тус тоглолт нь түүний уран бүтээлийн сүүлийн тоглолт байх болно гэдгийг тэрбээр мэдэгдлээ.
Энэ талаар , МУГЖ, дуучин С.Жавхлан, “Би уран бүтээл хийгээд 23 жил болсон байна. “Дулаахан намар” тайлан тоглолт нь өмнө нь болж байсан тоглолтуудаас илүү ач холбогдол өгч байгаа томоохон цохилттой тоглолт маань болж байна. Урлаг гэдэг бол арын хаалгагүй хатуу зүйл байдаг учир би цаашид мартагдана. Ямар ч хүнд уран бүтээлийн цаг хугацаа байдаг. Шинэ залуу хүн төрж, ургаж байгаа. Иймд залуустаа сайхан зайгаа тавьж өгдөг байх хэрэгтэй, дэмждэг байх хэрэгтэй гэж бодож байна. Мөн “Хамаг монгол” төслөөр түмэн олноор соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа. Үүгээр Монгол хүн байх хичээл гэдэг ажлыг эхлүүлсэн. Мөн цаашид монголчуудаа соён гэгээрүүлэх ажиллаж түлхүү анхаарч ажиллана. Энэ бол миний сүүлийн тоглолт. Сүүлийн тоглолт гэж хэлсэн үгэнд минь хүмүүс битгий хүндрүүлэн бодож хямраасай гэж хүсэж байна” гэв.
Тоглолтод МУГЖ Т.Баясгалан, Л.Болдбаатар, МУСТА Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа болон залуу уран бүтээлчид оролцох юм байна. Мөн Өвөр-Монгол, Тува, Халимаг, Буриад зон олноос уран бүтээлчид ирж оролцох юм байна. Тиймээс Монгол түмний намрын их дуун цэнгүүн болох учраас хүн бүрийг үндэсний дээлээрээ гоёж ирэхийг уриаллаа.
Дашрамд дурдахад МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд “Дулаахан намар” тоглолтод зориулан хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ хамтран дуулж бэлэг барина.
Тэрбээр дуучин Эрдэнэчимэгээс салсанаа “Энэ бол тавилан юм даа” хэмээн хариулсан юм.