Шадар сайд Т.Доржханд “Монгол Улс газрын доорх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний тавд ордог бол газар дээрх сэргээгдэх нөөцөөрөө эхний хоёрт ордог. Гэсэн хэдий ч бид улсаараа эрчим хүчний дутагдалтай, дотоод улс төрийн зөрчил болон гадны нөлөөгөөр сүүлийн 40 жил шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй нь бодит үнэн.

Тэгвэл бие биедээ дэгээ тавьсан улс төрийн зөрчлийг давж Хамтарсан Засгийн газарт орох урилгыг ХҮН нам хүлээн авч Эрчим хүчний реформыг хийх Үндэсний хороог миний бие ахалж ажиллаж байна. Үндэсний хорооны зүгээс эрчим хүчний салбарт эрх зүйн шинэчлэл хийх, төрийн монополыг задалж үр ашгийг нэмэгдүүлэх, үнэ тарифийг зах зээлийн зарчимд шилжүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа ногоон эрчим хүчний зах зээлд зөвхөн хувийн хэвшлийг дэмжих замаар дунд хугацаандаа эрчим хүчний бие даасан тогтолцоог үүсгэж, урт хугацаанд эрчим хүчний экспортыг хийх нөхцөлийг бүрдүүлнэ” гэв.