Иргэн Ж.Батмөнхөөс гаргасан мэдээллийн дагуу УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-аас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд гишүүн ирсэнгүй. Тэрбээр Цэцийн дунд суудлын хуралдаан болох үеэр гадаадад томилолттой байх тул хуралдаанд оролцохгүйгээ албан бичгээр ирүүлжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй тул хуралдааныг эхлүүлэв

Цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй тул хуралдааныг эхлүүлж байгааг мэдэгдэв. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27.2-т “Маргагч тал хуралдаан болох газар, байр, сар, өдөр, цагийн тухай албан ёсны мэдэгдэл авсан боловч хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан заасан саналаа ирүүлээгүй, өөрийн нь эзгүйд асуудлыг шийдвэрлэхийг зөвшөөрснөө бичгээр ирүүлсэн бол хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан.

Дунд суудлын хуралдаан Цэцийн гишүүн Ш.Солонго, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй боллоо.