Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг ч Монголд эсрэгээрээ. Гахай илүү эрхтэй гэдэг гажуудал хуулийг гууль болгож, мөнгөтэй хүмүүсийн дураараа дургих, шударга ёсыг үнэгүйдүүлэх үйлдлийг өөгшүүлсээр ирлээ. Үүний нэг жишээ нь МҮОХ-ны газар дээр, МҮОХ-ны хөрөнгө, авсан зээлээр барьсан барилгыг хувьдаа авч зувчуулаад даруй зургаан жил нүдэн балай, чихэн дүлий царайлж яваа олимпийн аварга Э.Бадар-Ууганы үйлдэл.

Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртэж, олон түмний хайр хүндлэлийг хүлээж, дааж явах ёстой энэ хүн өнөөдөр Монголын тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийн барилга, газрыг булаачихаад үхэн хатан улайрч байгаа нь харамсалтай бас жигшмээр.

Эргэн сануулахад, 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тухайн үеийн МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн агсан өөрийн удирдлагад ажиллаж байсан Б.Наранцэцэгт Тамирчдын нөхөн сэргээх төвийн 1980 ам.метр талбай бүхий таван давхар байрыг газрын хамт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Ингэхдээ “Тамирчны нөхөн сэргээх сувилал” ХХК гээчийг үүсгэн байгуулж, дээрх газар, барилгыг уг компанийн нэр дээр хууль бусаар шилжүүлсэн нь шат шатны шүүхээр тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрт “…МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тус хорооны Захиргааны албаны даргаар ажиллаж байсан хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нар нь бүлэглэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг хонжоо олох зорилгоор МҮОХ-ны өмчлөлд байсан, тус хорооны хөрөнгөөр баригдсан …1890 м.кв талбайтай, 5 давхар үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар шилжүүлж” МҮОХ-ны 3.8 тэрбум төгрөгийг завшиж үрэгдүүлснийг дурдсан байдаг. Улмаар шүүхээс Д.Загдсүрэнг Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд 2009 оны Өршөөлийн тухай хуулиар ялыг өршөөн хэлтрүүлжээ.

Энэ бүхэн цагаан дээр хараар бичигдэж үлдсэн баримтууд. Гэхдээ хамгийн ноцтой нь Олимпийн хорооны өмчийг завшиж, хууль бусаар шилжүүлж авсан гэмт хэргийг шүүхээс тогтоож, ял оноочихоод байхад 2971 м.кв газар болон 5 давхар үл хөдлөх хөрөнгө МҮОХ буцааж авч чадаагүй өнөөг хүрлээ.

Тэр ч байтугай олимп, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд бэлтгэж буй тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх, эмчлэх зорилгоор байгуулсан эмнэлэг яасан нь үл мэдэгдэх “маш нууц” арга замаар Э.Бадар-Ууганы өмчлөлд шилжжээ.

Э.Бадар-Ууган 2017 оны 03 дугаар сард Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон бол тэр жилийнхээ 11 дүгээр сард нь “Өөжин” ХХК-ийн хувь эзэмшигчээр бүртгүүлж, гүйцэтгэх захирлаар нь эхнэр Х.Азжаргалыг томилсон байна. Япон түнш нь Като Кейчи. Өнөөдөр Олимпийн хорооны 2971 м.кв газарт мөнөөх л Олимпийн хорооны хөрөнгөөр барьсан, анх 3.8 тэрбумаар үнэлэгдэж байсан, одоо зах зээлийн үнэлгээ нь 15 тэрбумд хүрч буй барилгад Э.Бадар-Ууганы “Өөжин мед” хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.

Олимпийн хороо 20 давхар цамхагт газраа дээрэмдүүлсэн үү?

Олимпийн аваргын шунал ингээд ханасангүй. МҮОХ-ны мэдлийн газар дээр 20 давхар цамхаг барихаар барилгын ажлаа эхлүүлжээ. “Өөжин” ХХК-ийн барьж байгаа уг барилгын зөвшөөрөл нь Барилгын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн ноцтой зөрчсөн юм байна. Тиймээс Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нь  2023.09.13-ны БАЗГ 2023-676 дугаартай зөвшөөрөл олгохдоо Барилгын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг ноцтой зөрчсн, авлига авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэж хэсэг иргэд хууль хяналтын байгууллагад хандаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх, гэмт үйлдлүүдийг таслан зогсоох арга хэмжээ авч, 5Ш ажиллагааг эхлүүлсэн нь олны талархлыг хүлээж буй.

Газар олголт, барилгын зөвшөөрлийн далд сүлжээг илчилсэн, авлигачдын багийг хуулах “Авлига” хорооллын асуудал ч шийдлээ хүлээж байна.

Тэгвэл Монголын тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, тэдний өмчийг харж хандах үүрэгтэй алба хашиж байгаа эрх мэдэл бүхий МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын ил цагаан дээрмийг яагаад зогсоохгүй байна вэ?

Хэрэв төр авлигатай, албан тушаалын хэрэгтэй тэмцэж, бугшсан хатигийг шахаж, эрүүлжих гэж байгаа бол энэ мэт үйлдлээс эхлээч ээ.

“Авлига” хорооллыг нурааж, албан тушаалын гэмт хэргийн сүлжээг тасалж, хууль бус газар олголт, газрын наймааг цэгцэлнэ гэж амласан хотын дарга Д.Сумьяабазар та Олимпийн хорооны газар, үл хөдлөх хөрөнгийг нэг этгээд өөрийн болгож завшсан үйлдлийг зогсоох шийдвэрээ гаргана уу.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга та МҮОХ-ны газар дээр 20 давхар цамхаг барих зөвшөөрөл олгосон хууль зүйн үндэслэл, тайлбараа өгнө үү.

Халаас нэг, эрх ашиг сонирхол нэг биш бол МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг та өдий болтол ганц үг дуугарахгүй, ямар ч шийдвэр гаргахгүй байгааг юу гэж ойлгох вэ?

Олноос, төрөөс хайр хишиг, хүндлэлийг нь харамгүй хүртэж яваа олимпийн аварга Э.Бадар-Ууган та Монголын тамирчдын эмнэлгийг буцааж өгнө үү.

Монголчууд та нарыг харж, хүлээж бас шударга ёсыг шаардаж байна!