Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийв. Тэрбээр Засгийн газрын 55-р тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийг няцааж тайлбар хийсэн юм.

Тэрбээр “Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулах тухай Засгийн газрын шийдвэрийг зориуд мушгин гуйвуулж буй нь улс төрийн зорилготой гэдэг нь илэрхий байна. Энэ шийдвэр гурван ач холбогдолтой.

Нэгдүгээрт, биржийн арилжааг дэмжсэн шийдвэр. Биржийн арилжаа гэдэг бол хэн хамгийн өндөр үнэ санал болгосонд нь бүтээгдэхүүнээ худалдана гэсэн үг. Улсыг 200 тэрбум төгрөгөөр хохироосон гэх гүтгэлэг тарааж буй. Харин ч ил тод, өрсөлдөөнтэй арилжаанаас 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно.

Хоёрдугаарт,  энэ шийдвэрийн үр дүнд ард түмэнд очих 1072 хувьцааны ногдол ашгийн хэмжээ өснө.

Гуравдугаарт, хүнд нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно. Мөн татвар төлөгчдийн тоо нэмэгдэнэ.

Хэн нэг нь дур мэдэж, ам нөхцлөөр байгуулсан гэрээнүүдийн үнэ биржийн үнээс 10-20 хувь бага байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт баталдаг.

Нүүрсний хулгайч нар Эрдэнэс Тавантолгойн борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна.

Засгийн газар хууль зөрчөөгүй. Бас давуу байдал хэнд ч олгоогүй! Зөвхөн нүүрс биш  төмрийн хүдэр, жонш экспортлогч 400 гаруй аж ахуйн нэгжид хамааралтай шийдвэр” гэсэн юм.