Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл хийв.
Тэрбээр “Үндсэн хуулийг зөрчиж, парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж байгаа, мөн ард иргэдийг төөрөгдүүлж нийгмийн эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хөндөж гарын үсэг цуглуулж байна.
Засгийн газрын 100 хоногийн тайланд 3х3 сагсан бөмбөгийн охид АНУ-ыг хожиж, дэлхийн аварга болсон. Мөн шатар, бокс болон и-спортын “MongolZ” баг дэлхийн аварга болсон. Үүнийг Засгийн газраас хийсэн агуу ажлын нэг байлаа гэж олон нийтэд ойлголт өгч бухимдууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатарын өгч буй улс орны эдийн засаг, макро түвшний тоон мэдээлэл бүгд худал. Үүнийг баримттайгаар хэлье. Энэ хүн албан тушаал, эрх мэдэлтэйгээ үлдэх сонирхолтойгоор улайрч болно. Гэхдээ олон нийтийг төөрөгдүүлж худал мэдээллээр хангаж болохгүй.
2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд Аудитын ерөнхий газраас өгсөн дүгнэлт байгаа. Энэхүү дүгнэлт дээр төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.доллар, урсгал данс нэг тэрбум 662.1 сая ам.доллараар алдагдалтай, шууд хөрөнгө оруулалт 945 сая ам.доллар болж 40.6 хувь буурсан үзүүлэлтэй байгаа нь эдийн засгийн өрсөлдөх чадавх суларч, гадаад өрхийн үйлчилгээний эргэн төлөлтөд хүндрэл үүсэх, эрсдэлийн алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэл үүсэхээр байна гэх Аудитын ерөнхий газрын дүгнэлт гарсан.
Ерөнхий сайд Г.Занданшатар валютын ханш зургаан тэрбум ам.доллар хүрэх гэж байна гэсэн. Гэтэл экспортын гол орлого огцом унаж, валютын цэвэр нөөц хасах дүн рүү орсон. Нэг тэрбум ам.долларын оффтейк гэрээг “Эрдэнэс Тавантолгой” ХК-г түшиглэж дахин байгуулна. Ингэж байж гадаад өр болон ханшийн алдагдалгүй байдалд хүргэнэ гэж мэдэгдсэн. Энэхүү оффтейк гэрээ улсын төсөвт ороод ирсэн. Өмнөх нууцалсан оффтейк гэрээнүүдийн асуудлаа шийдэж чадаагүй байхад дахин оруулж ирлээ.
Мөн эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай, 3.6 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж буйг ҮСХ-ноос мэдээлсэн. Гэтэл зудад алдсан малыг өмнө нь эдийн засгийн алдагдал гэж тооцдоггүй байсан хэрнээ энэ жил шинээр төл авснаа оролцуулсантай холбоотой. Эдийн засгийн өсөлтийг хоёр хувиар тэлсэн гэж мэдэгдсэн. Үүн дотор уул уурхай нэг хувь өссөн. Уул уурхайн салбарт ноцтой байдал үүссэн ч худал мэдээллээр төөрөгдүүллээ” гэлээ.
