Мах боловсруулах салбарын талуудын уулзалт – хэлэлцүүлэг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Төв номын санд боллоо. Тус уулзалтаар мах боловсруулах салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх арга зам болон тус салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэхэд гаргаж буй шийдэл, сүүлийн үед хийж буй ажлуудын талаар хэлэлцсэн юм.

Энэхүү арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Махны холбоо болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж, ахуйн их сургууль болон мах боловсруулах үйлдвэрүүд, Хөдөө аж ахуйн Бирж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг байгууллагуудын төлөөллүүд өөрсдийн хийж буй ажлуудыг танилцуулж, санал солилцов.