Чуулганы өнөөдрийн (2025.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан УИХ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтыг үндэслэн 2025.10.16-ны өдөр УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2025.10.16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө хүсэлтээ гаргасантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг асуулт асуух, үг хэлэхгүйгээр явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 79.3 хувь нь дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлаар ил санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар хүлээж авах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.2.1 дэх заалт, 12.3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.4.4 дэх заалтыг үндэслэн УИХ-ын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр, УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын даргын албан үүргийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэрэгжүүлж байхаар, тогтоолыг 2025.10.17-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байна.

УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээн авсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан үг хэлэв.

УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажилласан болохоо тэрбээр онцлоод, цаашид парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулахад байнга анхаарах шаардлага бий гэдгийг цохон тэмдэглэсэн (бүрэн эхийг эндээс).