Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы 2025.10.17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэж, нэгтгэсэн болно.

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасан байна.

Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2025.10.22-ны өдрийн 09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.