Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд хориг тавьж байгааг мэдээллээ.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хууль бол ард түмнээс урган гарсан эрхэм дээд баримт бичиг байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байна” гээд “УИХ-ын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрэн нийцсэн байвал зохино. Гэтэл 2025.10.17-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар бус Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэдэг саналаар санал хураалт хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ нь Үндсэн хуулийн 1.2 дэх зүйлийн ардчилсан ёс, шударга ёс, Үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Мөн Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хууль зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаанд бүрэн нийцсэн байвал зохино гэх заалтыг зөрчих нөхцлийг бий болгосон.

2. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. Үндсэн хуулийн 27.6 дахь хэсэгт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцдог. Мөн УИХ-ын Дэгийн тухай хуулийн 6.6.2-т нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10-13, 14-18 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас ирцэд бүртгүүлж, хуралдаанаар хэлэлцэх асуудалд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж, дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны цагийг сунгаж болно гэж заасан байдаг. Гэтэл 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09.00 цагаас УИХ-ын гишүүд ирцэд бүртгүүлж, тус хуралдааны ирц бүрдээгүй. Улмаар маргааш нь буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр, пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, шийдвэр гаргасан. Энэ нь УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганыг сунган хуралдуулж шийдвэр гаргасан нь Дэгийн тухай хуулийг илтэд зөрчсөн үйлдэл” гэв.

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “Ажлын тав хоногт хориг тавих эрх байдаг. Энэ дагуу хориг тавьж байна. Үндсэн хуульд ганцхан зарчим бий. Хориг бол улс төрийн биш Үндсэн хуулийн эрхийн дагуух асуудал. Энийг тал бүрдээ ойлгох ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь гурван удаа хориг тавьж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн нэг өдөр огцорч байсан тохиолдол өмнө болж байгаагүй. Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль бол бидний улс орон оршин тогтнож байгаагийн хамгийн том баталгаа” гэсэн юм.