Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөө олон нийтэд мэдэгдлээ.
Тэрбээр “Миний бие Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр энэ тухайгаа тайлбарлаж, мэдээлэл өгсөн.
Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн агуулга нь юу гэвэл улстөрчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажлууд явагдаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн.
Анх сайдаар томилогдоод ажиллаж байхад Ерөнхий сайд “Ёс зүйн өндөрлөг дээр МАН, тэр тусмаа Засгийн газрын гишүүд байх ёстой”-г бидэнд удаа дараа хэлж байсан. Энэ зарчмыг баримталж байна.
Өнгөрсөн зун авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуулийг батлуулсан. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Аливаа ашиг сонирхлын зөрчилтэй асуудал яригдахаар улстөрч хүн нэрээ цэвэрлэж авах, хэрэгт холбогдсон бол хариуцлага хүлээгээд явах ёстой.
Надад эрүүгийн хэргийн шинжтэй хийсэн үйлдэл байхгүй. 2023 онд нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд төсвийн ерөнхийлөн захирагчаар ажилласан. Энэ асуудалд тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн асуудлууд гарсан.
Миний хувьд автобус гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан.
Нэг жил гаруй хугацаанд ажил хариуцаж ажилласны хувьд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлье. Улаанбаатар хотод 30 гаруй жилийн хугацаанд асуудал шийдвэрлэгдэлгүй ирсэн байдаг. Үндсээр нь, углуургаар нь шийдвэрлэж ажиллахаас өөр арга байхгүй. Засгийн газрын түгжрэл сааруулах чиглэлд явж байгаа бодлого тодорхой болсон.
Нэгдүгээрт, түгжрэл. Хоёрт, холбоос замын асуудал. Гуравт, замын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой асуудал. Дөрөвт, хууль зүйн орчин, соёл гэгээрэл. Тавд төвлөрлийг сааруулах.
Засгийн газар төсвийн бодлогоороо дамжуулаад асуудлаа шийдээд явж байна. Өмнө нь Ерөнхий сайд өрөө төвлөрлийг сааруулах үндэсний хорооны даргаар ажилласан байдаг. Дараа нь Боловсрол, шинжлэх ухааны сайдад хариуцуулсан. Эцэст нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар намайг томилсон.
Энэ албыг аваад би өөрийнхөө мэдлэг чадвар туршлагаар ажиллая гэж бодсон. Аж ахуйн асуудалд цөөхөн оролцсон ч өөрийнхөө хэмжээнд асуудлыг шийдвэрлэж явсан” гэлээ.