БНСУ-ын “Daewoo” үйлдвэрээс оруулж ирсэн ногоон автобустай холбоотойгоор АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АТГ, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг нийтийн тээвэртэй холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг байгуулагдаад цөөн хоног болж байгаа. Энэ хугацаанд “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүний таван объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Уг дөрвөн этгээдийг 48 цагийн хугацаагаар баривчлах арга хэмжээг прокурорын зөвшөөрлийн дагуу явуулсан.
Мөрдөх байгууллагын зүгээс дээрх дөрвөн этгээдийг цаашид үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзээд холбогдох саналыг гаргасан. Прокурорын байгууллагаас саналыг үндэслэлтэй гэж үзвэл цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхийн байгууллагаас шийддэг.
Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, үргэлжилж байгааг тодотгож хэлэх нь зүйтэй байх.
БНСУ-ын “Daewoo” компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд тухайн улсын Элчин сайдын яаманд хуулийн дагуу мэдэгдэн, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг гадаад улсын хуулийн байгууллагатай хамтран хийх шаардлага тулгарч байна. Иймээс БНСУ ын Ерөнхий прокурорын газар, Вьетнам улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллах шаардлага тулгарч байна.
“Тэнүүн огоо” компанийн нийлүүлсэн автобуснаас гадна нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг “Эрдэм транс” компани нь БНСУ-д үйлдвэрлэсэн “Хюндай” компанийн автобус оруулж ирэхдээ насыг нь уртасгах зорилгоор нийт 135 автобусын арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэг тогтоогдсон учраас “Эрдэм транс”-ын захирлыг цагдан хориод шалгаж байна” гэлээ.