“Органик- Тогтвортой хөгжлийн гарц” үндэсний чуулганыг угтан салбарын үйл ажиллагаатай танилцах, хөдөө аж ахуйн зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих арга хэмжээг зохион байгуулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжил, ил тод байдлыг сайжруулах” BEST хөтөлбөр, Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран “Органик- тогтвортой хөгжлийн гарц” үндэсний чуулганыг угтан Органик салбарт үйл ажиллагаа явуулж буй болон шилжилтийн үеийн бизнес эрхлэгчдийн ажлын байртай танилцах, туршлага хуваалцах, органик үйлдвэрлэгчдэд тулгарч буй асуудалтай газар дээр нь танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, санал солилцох, Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлд хамрагдсан ААН-дийн үйл ажиллагаа, зээлийн хэрэгжилт, үр дүнтэй танилцах зорилго бүхий бизнес аялалыг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулав.
Тус аялалд яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Бодлого, төлөвлөлтийн газар, Нийслэлийн ХХААГ, Монголын бүтээмжийн төв, Стандарт, хэмжил зүйн газрын төлөөлөл болон BEST хөтөлбөрийн Green lab хүнсний салбарын бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж буй 20 бизнес эрхлэгч оролцлоо.
Бизнес аялалд оролцогчид АПУ дейри ХХК, Үлэмж органик ХХК, Түмэн шувуут ХК-ний үйл ажиллагаатай танилцан, органик үйлдвэрлэл эрхлэх боломж, тулгарч буй саад бэрхшээл, туршлага сургамжийн хэлэлцүүлэг зохион байгуулж, тус ААН-дийн хөдөө аж ахуйн хөнгөлөлтийн зээлийн хүрээнд бий болгосон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг газар дээр нь үзэж танилцав.