НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд байгаль орчин, уур амьсгал, экосистемийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын өндөр дээд түвшний төлөөлөгчид ХААИС-ийн хэрэгжүүлж буй бэлчээрийн доройтлыг бууруулах, экосистемийг сэргээх судалгаа, туршлагатай танилцлаа.
Тус туршлага нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Экосистемийн судалгааны төв, Япон Улсын Токиогийн их сургуультай хамтран хэрэгжүүлж буй САТРЕПС төслийн хүрээнд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Экосистемийн судалгааны төвийн туршилт, судалгааны талбайд хэрэгжүүлсэн уулын хээрийн хүчтэй доройтсон бэлчээрийг сайжруулах арга технологид тулгуурласан юм.
Олон улсын зочид, төлөөлөгчдөд судалгааны үр дүн, хэрэгжүүлсэн арга туршлагыг газар дээр нь танилцуулах, мэдээлэл солилцох зорилгоор хөтөлбөрийг гурван өдөр зохион байгуулж, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авлаа.
Тухайлбал, 2026 оны наймдугаар сарын 21-ний өдөр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) ерөнхий захирал Ингер Андерсен (Inger Andersen) тэргүүтэй төлөөлөгчид туршилт, судалгааны талбайтай танилцаж, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагын талаар мэдээлэл авлаа.
Наймдугаар сарын 22-ны өдөр Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) Ерөнхий захирал Гретель Агиляр (Grethel Aguilar) тэргүүтэй төлөөлөгчид болон COP17 бага хурлыг сурвалжилж буй олон улсын хэвлэл мэдээллийн 20 гаруй төлөөлөгч тус талбайд ажиллав.
Харин наймдугаар сарын 23-ны өдөр IUCN-ийн 30 гаруй төлөөлөгч, олон улсын байгаль хамгааллын байгууллага The Nature Conservancy (TNC)-ийн 40 гаруй төлөөлөгч оролцож, уулын хээрийн хүчтэй доройтсон бэлчээрийг нөхөн сэргээж, сайжруулсан арга туршлагатай танилцан, судлаачидтай санал солилцлоо.

