Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкентын ХААИС хооронд “Мал аж ахуй”, “Зоо техник”, “Мал үржүүлэг”, “Бэлчээрийн менежмент”, “Жимс, жимсгэнэ, цэцэрлэгжүүлэлт” зэрэг мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистрын түвшинд хос зэргийн хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх болон Ташкентын ХААИС-ийн ректор, профессор Обломуродов Нарзулло Наимович нар 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд цахимаар гарын үсэг зурж, хоёр талын хамтын ажиллагааг албан ёсоор баталгаажууллаа. Цахим уулзалтад ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын дарга Ц.Сүхтулга болон хоёр их сургуулийн холбогдох албаны төлөөлөгчид оролцов.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд шинжлэх ухаан, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын их, дээд сургуулиудын сургалт, судалгааны уялдаа холбоог бэхжүүлэх, оюутан, багш, судлаачдын академик солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цахим уулзалтын үеэр ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд олон салбарт идэвхтэй хөгжиж, Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлал, уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаатай холбоотой тодорхой ажлууд хэрэгжиж байгааг тэмдэглэв. Тэрээр ялангуяа Узбекистан Улсад Монгол хонины үүлдэр, угсааг нутагшуулах, өсгөн үржүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлуудад хоёр орны эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаа, мэдлэг, туршлага солилцоо чухал болохыг онцоллоо.
Монгол хонины үржил, селекц, генетик нөөц, бэлчээрийн менежмент болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр хуримтлуулсан туршлагаа хуваалцах нь хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжтойг мөн тэмдэглэв.
Цаашид хоёр их сургууль нь хос зэргийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ хамтарсан судалгаа, багш, судлаач, оюутны солилцоо, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, мэргэжлийн чиглэлээр туршлага солилцох зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна.