Ерөнхий сайд Н.Учралд цөлжилт падлийгүй. Үүнийгээ тэрбээр “Секэр Ресурсос Монголиа” компанийн Баянхонгор аймгийн Хотгорын уурхайгаас Өмнөговь аймгийн Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд нүүрс тээвэрлэхэд нь дэмжлэг үзүүл хэмээн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт үүрэгдсэн тогтоолоос харагдана.

Засгийн газрын тэргүүний дэмжлэгт “багтсан” дээрх компани Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум хүртэлх чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэх “дархан эрхтэй” хэмээн нутгийн удирдлагуудыг далайлгах болж.

Тост Тосон бумба бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших байгалийн нөөц газар. УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч байв. Хотгорын уурхай нь Гурвантэс сумын нутагт, Тост Тосон бумбын нурууны бүсэд байрладаг нүүрсний орд.

“Секэр Ресурсос Монголиа” компанийн нүүрс тээвэрлэх бүс нь цоохор ирвэс болон бусад нэн ховор амьтдын байгалийн идэш тэжээл, амьдрах орчин болдог тул нутгийн иргэд, байгаль хамгаалагчид уул уурхайн үйл ажиллагааг эрс эсэргүүцэж, холбогдох албаныханд уламжилдаг. Уг СОР-17 хурлын үеэр хамгийн ихээр хөндөгдөх учиртай гол сэдэв ч энэ талаар ганц үг дуугаргаагүй бөгөөд Засгийн газрын 140 дугаар тогтоолыг зөрчсөн хэмээн яллах үндэслэл болно гэх сүрдүүлгийг ч нутгийн иргэдэд дайжээ.

Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэгчээр Н.Учрал Засгийн газрын тэргүүнээсээ буухын хооронд нутгийн иргэдийн үг илүүц хэмээн үзсэн бололтой.

Монголын цөлжилт эрчимтэй явагдаж байгаагийн учиг шалтаан, шийдвэрлэх арга замын талаар эрэлхийлэх СОР-17 хурлын гол агуулга алдагдаж, нутгийн иргэд үзэгч хийсэн энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Да.Цогтбаатар нар нутгийн иргэдтэй уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсч, саналаа хуваалцжээ.

Хоёр гишүүн Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн  “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг Ерөнхий сайд Н.Учралд уламжилж өгөхөөс гадна дээрх асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлыг УИХ-ын түвшинд авч үзнэ гэдгээ илэрхийлжээ.

Нутгийн иргэдийн хэлж байгаагаар хилийн бүс, тусгай хамгалаалтай газарт зам засахдаа байгаль орчны үнэлгээгээ нуун дарагдуулж, говийн баянбүрдийг ширгээж, заг тооройн төглийг устгаж буй “Алтаргана хайрхан” компанийн үйл ажиллагааны талаар ч гишүүдэд баримт танилцуулсан юм.

Баянхонгор сумын Баян-Өндөр, Шинэжинст сумын заагт байх Хуурай талын уурхайгаас Хүрэншанд-Нарийнсухайтын боомт хүрэх автозамыг “Алтаргана хайрхан” компани эхлүүлсэн бөгөөд одоогоор Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Толь булагийн баянбүрд, Гурвантэс сумын Хулангийн хөндий, Зараа хайрхан, Торойт хөндийн босго гэх газруудад загийн төгөлийг булгалж, шимт хөрсийг хусч эхэлжээ. Тэд Байгаль орчны үнэлгээндээ заган ойг дайрах талаар тусгаагүй, тусгасан бол түүнийгээ холбогдох байгууллага, нутгийн иргэдээс нууцалсан хэмээн тэд тайлбарлав.

Баянхонгор аймгийн Шинэжинст сум дахь Хотгорын уурхайд нүүрс олборлож буй “Секэр Ресурсос Монголиа” компани нутгийн иргэдэд тусгай зориулалтын замыг өөрсдийн хөрөнгөөр барьж тээвэр явуулна гэж амалсан ч Засгийн газрын 140 дугаар тогтоолоор далайлган технологийн буюу шороон замаар нүүрс тээвэрлэхээр 1000 тн буюу нүүрс ачсан долоон машин гаргасныг нь Гурвантэс сумын иргэд зогсоожээ.

Улсын төсөв улайссан энэ үед уурхай ухахыг бус гол нь хатуу хучилтаар хучсаны дараа тээвэр явуулахыг “Секэр ресорсус Монголиа” компаниас нутгийн иргэд шаардаж буй. Гэтэл Засгийн газар байгаль орчин, нэн ховордсон амьтад, цаашлаад нутгийн иргэдийн амьдрах орчныг ч үл ойшоон шороон замаар тээвэр хийхэд нь дэмжлэг үзүүлэхийг сайд нартаа даалгаж, тогтоолоор далайлгаж байгаад нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Дархан цаазат Богд хан ууллыг ЮНЕСКО Шим мандлын нөөцөд авсан ч салаа, ам бүрт нь баригдсан амралтын бааз, ресорт, хотхонуудын үйл ажиллагаанаас болоод энэ бүртгэлээс хасагдсан юм. Тост, тосонбумбын нурууг Шим мандлын бүртгэлд бүртгэсэн ч хасагдах бодит байдал нүүрлэснийг Ерөнхий сайд Н.Учрал таныг нүдээр үзэхийг нутгийн иргэд урьж байна билээ.