Бүгд Найрамдах Солонгос Улсын Дэгүгийн техникийн их сургууль болон Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслол 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр боллоо. Оюутан солилцооны тус санамж бичгийг Дэгүгийн техникийн их сургуулийн ерөнхийлөгч И Бёль На болон Монгол Улсын ХААИС-ийн ректор Б. Баасансүх нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр их сургууль оюутан солилцоо, богино хугацааны сургалт, кредит харилцан хүлээн зөвшөөрөх, хамтарсан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Мөн хоёр тал хамтарсан онлайн хичээл, семинар зохион байгуулах замаар боловсрол, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ багш, оюутны харилцан айлчлал, олон улсын соёлын солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов.
Тус сургуулийн цахим хичээлийг гурван сар үнэ төлбөргүй судалж, сертификат авах болон улмаар мэргэжил дээшлүүлэх боломжтойг тус сургуулийн ректор онцоллоо.
Хоёр их сургуулийн энэхүү шинэ хамтын ажиллагаа нь Монгол, БНСУ-ын боловсрол, эрдэм шинжилгээ, соёлын харилцааг өргөжүүлж, оюутан, багш, судлаачдын олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхэд чухал ач холбогдолтой юм.