БНХАУ-ын Жичуань ажил мэргэжлийн сургуулийн төлөөлөгчид Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүхтэй өнөөдөр (2026-08-31) уулзаж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуйн салбарын сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ сургалтын хөтөлбөр, стандарттай танилцах, хичээлийн уялдаа холбоог сайжруулах боломжийн талаар ярилцав.
Жичуань ажил мэргэжлийн сургуулийн төлөөлөгчид Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалтын төв, лаборатори болон бусад сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, сургалтын орчин, хөтөлбөрийн хэрэгжилт, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны талаар мэдээлэл авлаа.
Ажлын айлчлалын хүрээнд төлөөлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ХААИС-ийн Баянхонгор аймаг дахь салбар сургуульд ажиллаж, сургалтын байгууллага, сургалтын бааз, орчин үеийн хөдөө аж ахуйн технологийн сургалттай танилцахаар төлөвлөжээ.
Мөн танхимын болон практик сургалтын үйл ажиллагаатай танилцаж, сургалтын загвар, үнэлгээний арга зүй болон сургалтын талбайн барилга байгууламж, хөгжлийн талаар туршлага солилцоно.
Энэхүү уулзалт нь Монгол, БНХАУ-ын хөдөө аж ахуйн боловсрол, сургалт, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн технологид суурилсан хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, харилцан туршлага солилцох шинэ боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.