БНХАУ-ын Ruineng New Energy Technology (Tianjin) Co., Ltd компанийн төлөөлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдлагатай уулзаж, сэргээгдэх эрчим хүч, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтад ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Инженер технологийн сургуулийн захирал Л.Лхагвасүрэн, Нийтлэг үйлчилгээний албаны дарга Х.Цэгмид, Ruineng New Energy Technology компанийн ерөнхий менежер Zhang Zenghui тэргүүтэй төлөөлөгчид оролцож ХААИС-ийн барилга байгууламжийн дээвэр болон хананд нарны эрчим хүчний хавтан, систем суурилуулж, цахилгаан эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, ХААИС-ийн шинээр байгуулж буй брэнд бүтээгдэхүүний дэлгүүрийг нарны эрчим хүчээр бүрэн хангах систем суурилуулах, тухайн байршлын автомашины зогсоолд нарны эрчим хүч ашигласан цахилгаан автомашин цэнэглэх цэг байгуулах талаар санал солилцлоо.
Мөн Инженер технологийн сургуулийн профессор, багш, судлаачидтай хамтран судалгаа, төсөл хэрэгжүүлэх, Монгол орны цаг уур, байгаль орчин болон эрчим хүчний хэрэглээний онцлогт тохирсон сэргээгдэх эрчим хүчний технологийг судалгаанд тулгуурлан хөгжүүлэх, цаашид үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх талаар ярилцав.
Уулзалтын үр дүнд хоёр байгууллага хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний технологийн шийдлийг туршин нэвтрүүлэх, сургалт болон эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг цаашид нарийвчлан судалж, хамтран ажиллахаар санал нэгдлээ.