БНСУ-ын Барилгын инженер, технологийн хүрээлэн (Korea Institute of Civil Engineering and Building Technology, KICT)-ийн захирал, профессор Чой Жүн Сог (June-Seok Choi), профессор Пэ Жи Ёль (Jiyeol Bae), захиргааны ажилтан И Хён Сог (Hyunsuk Lee) нар 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ХААИС-д зочилж, KICT болон БНСУ-ын KOICA-ийн дэмжлэгтэй магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт ХААИС-ийн шаардлага хангасан оюутан, төгсөгчдийг хамруулах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтад ХААИС-ийг төлөөлж Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын дарга Ц.Сүхтулга, Инженер, технологийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Ж.Эрдэнэдалай, Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын мэргэжилтэн Р.Батчимэг нар оролцож, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаа, оюутан, багш, судлаачдын солилцооны талаар ярилцав.
100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломж: БНСУ-ын Барилгын инженер, технологийн хүрээлэн нь шаардлага хангасан оюутан, мэргэжилтнүүдийг магистр болон докторын түвшинд KOICA-ийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцуулах боломжийг олгож байна.
Тус тэтгэлэг нь сургалтын төлбөр, амьжиргааны зардал болон бусад холбогдох дэмжлэгийг багтаасан бүрэн санхүүжилттэй хөтөлбөр юм.
Суралцах боломжтой үндсэн мэргэшлийн чиглэлүүд:
1. Байгаль орчин ба усны нөөцийн инженерчлэл (Environmental and Water Resources Engineering). Энэ чиглэлээр ус, бохир ус цэвэрлэх, цэвэрлэгээний дэвшилтэт технологи, далайн усыг цэнгэгжүүлэх зэрэг байгаль орчны инженерчлэл; үер, ган, гол мөрөн, газрын доорх ус зэрэг усны нөөцийн менежмент; туршилтын байгууламжийн ус ашиглалт, зэрэг чиглэлээр суралцах боломжтой.
2. Хотын нэгдсэн инженерчлэл (Urban Convergence Engineering). Ухаалаг хотын суурь технологи, тухайлбал C-ITS, BIM, замын байгууламж, түүнчлэн цахилгаан инженерчлэл, мэдээлэл, харилцаа холбоо, химийн инженерчлэл зэрэг олон салбарын уялдаа холбоо, нэгдсэн судалгааны чиглэлээр мэргэших боломжтой юм.
