Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран гурван өрхөд өргөө цагаан гэр олголоо.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэр хүлээлгэн өгөх үеэр “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамжийн дэмжлэг хүссэн өргөдөл маш их ирдэг. Эдгээр өргөдлүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил хариуцсан Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран судлаад газар дээр нь нөхцөл байдлын үнэлгээ хийн түүнд үндэслэн Зөвлөлийн хурлаараа оруулж шийдвэрийг гаргадаг. Бид хүсэлт бүрийг шийдвэрлэх санхүүгийн боломж хомс. Үнэхээр галын аюул, бүтэн өнчин, өрх толгойлсон, ам бүл олуулаа гээд маш олон үзүүлэлтийг харж байж, нийгмийн халамж нэн шаардлагатай иргэдэд бодит дэмжлэг үзүүлэхийг зорьдог” гээд өргөө гэр тань өөдлөн дэвжиж, аз жаргалтай, эрүүл энх, сайхан амьдрахыг хүсэн ерөөлөө.