Засгийн газраас “Монголд зочлох жил”-ийн хүрээнд гадаадын жуулчдад НӨАТ-ын буцаан олголт авах боломжийг бүрдүүлээд байна. Энэ хүрээнд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зорчигч ачаа хүлээн авах хэсэгт гадаадын иргэнийг бүртгэх киоск машин байршуулсан.
Гадаадын жуулчин “Tax Free” тэмдэглэгээ бүхий дэлгүүрээс худалдан авалтаа хийхдээ иргэний бүртгэл үүсгэх бөгөөд е-мэйл хаягаар илгээх зураасан кодыг уншуулан е-баримт системд хялбар бүртгэлээр барааны жагсаалт, үнийн дүнтэй бүртгэгдэх юм. Одоогийн байдлаар Говь нэрийн дэлгүүр, Натурал текстэл дэлгүүр, Ханбогд кашмер дэлгүүр, Эвсэг нэрийн барааны дэлгүүр “Tax Free” баримт олгож эхлээд байна.
Тиймээс гадаадын жуулчид хэрхэн НӨАТ-ын буцаан олголтоо киоск машин дээрээс авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Жуулчин та албан татварын буцаан олголт авахдаа:
- “Тax free” тэмдэг бүхий дэлгүүрээс зөвшөөрөгдсөн барааны нэг удаагийн худалдан авалтын дүн нь 500,000 (НӨАТ шингэсэн дүн) төгрөгөөс дээш тохиолдолд буцаан олголт авах боломжтой.
- Худалдан авсан барааны дүн болон буцаан авах НӨАТ-ын дүн нь жуулчны ebarimt аппликэйшн дээрх бүртгэлд автоматаар бодогдож, жуулчины “My refund” цэсэнд харагдана.
- Жуулчин Монгол Улсаас 90 хоногийн дотор явахдаа албан татварын буцаан олголтоо “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын олон улсын нислэгийн танхимд байрлах “Tax free” киоск дээр очиж, пасспортоо уншуулан, буцаан олголтын дүнгээ баталгаажуулж “Tax free” авах хүсэлтээ татварын системд илгээнэ.
- Жуулчин буцаан олголтоо бэлэн эсвэл бэлэн бус хэлбэрээр авах боломжтой ба бэлэн бус хэлбэрээр буцаан олголт авах тохиолдолд Tax free” авах хүсэлтээ илгээхдээ өөрийн нэр дээрх олон улсын банкны картын мэдээлэлээ оруулж илгээнэ.
- Хэрвээ бэлнээр буцаан олголт авах сонгол хийсэн тохиолдолд паспортын хяналт, хилийн шалган нэвтрүүлэх хэсэг өнгөрч “олон улсын явагчдын хүлээлгийн танхим”-д байрлах буцаан олголтын цэгээс авна.