Г.Занданшатарын парламент Үндсэн хууль зөрчсөнийг Байнгын хороо нь хүлээн зөвшөөрчихлөө.

Эрх баригч намын Удирдах зөвлөл өнөөдөр /2024.03.20/ 14.00 цагт хуралдахаар товлоод байсан ч Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт болоод УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны шийдвэртэй холбоотойгоор хуралдаанаа хойшлуулав.

Үндсэн хуулийн Цэцийн 2024.01.17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар 2023.07.07-ны өдөр УИХ-аас УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэмсэн 29.3.3 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хориннэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд дээрх заалтууд нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Харин Цэцийн энэхүү дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2024.03.20/ хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонх хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ. Өөрөөр хэлбэл, баталсан хууль нь эцэг хуультай харшилдсан болохыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Цэцийн дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэнэ.

Эндээс УИХ-ын гишүүдийн олонх Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй хэмээн байнгын хорооны гишүүдийн адил шийдвэрлэвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчингүй болох юм.

Тэгэхээр бидний өмнө бичиж байсанчлан (https://www.niigmiintoli.mn/?p=23018) Сонгуулийн хууль хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээ дагуулж, маргаан үүсгэх нь тодорхой боллоо.

Уг нь дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024.06.28-ны баасан гарагт товлож, 126 гишүүнтэй байхаар баталсан. Таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, 78 мандаттай байхаар батлаад зогсохгүй сонгуулийг зохион байгуулах хуваарь ёсоор гуравдугаар сарын 1-нээс өмнө сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах байв. Улмаар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 20-ноос хойш ил болох байлаа.

Тэрбайтугай УИХ 126 гишүүнтэй болох тул Төрийн ордонд ажиллах боломжийг хангахаар засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтаан хийхээр тооцоолсныг яалтай. Цахим тоног төхөөрөмжүүдийг ч шинэчлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл Сонгуулийн хууль хүчингүй болж мэдэхээр нөхцөл байдал нэгэнт үүсчихлээ.

Өнөөдрийн 14:00 цагт хуралдах байсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Бага хурлаа товлох байв. Бага хурлаар намын мөрийн хөтөлбөрийг баталж аудитын байгууллагад хүргүүлэхээс гадна нэр дэвшигчдээ хэлэлцэн батлахаар төлөвлөсөн байгаа. Эс бөгөөс энэ сарын 25-н гэхэд улстөрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэх учиртай юм.

Гэтэл УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалтыг одоогийн УИХ зөрчсөн байна гэдгийг Хууль зүйн байнгын хороо нь өнөөдөр хүлээн зөвшөөрсөн тул ийнхүү асуудал үүслээ.

…Зудны далимаар УИХ-ын гишүүд, сайд нар тойрогтоо ажиллах нэрээр усалгаа, судалгаа хоёрыг хоршуулан хийхээр гарсан ч орон нутгийн иргэдэд хөөгдөх шахам болж амжилт муутайхан ирцгээсэн. Найман жил дангаар засагласан атал иргэдийн амьдрал сайжрах битгий хэл дордож, татварт дарлагдан, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадан, дийлэнх аж ахуйн нэгж үүдээ барьсан байдалтай угтаж. Тэгэхээр сонгуулийн тойргийг томсгон бүсчилсэн хэлбэрээр өрсөлдвөл ялагдах магадлал өндөр байгаа бөгөөд үүнийг нь судалгааны байгууллагууд ч нотлоод өгөв.

Тиймээс МАН-ын удирдлагууд, тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хувьд сонгуулийн хуучин тогтолцоог шүтэх хандлага өндөр байгаа бололтой. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан гэхэд өнгөрсөн хугацаанд Говь-Алтай аймгийг усалж, цас зудад дарагдсан өдрүүдэд ч тэндээс салалгүй ажилласан нь дэргэдэх аймгийн иргэдэд таалагдаагүйгээр үл барам чулуу нүүлгэхэд бэлэн болгочихсон гэдгийг олон нийт хэлж байна.

Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тухайд аман дээрээ бүсчилсэн тойргийг илүүд үзэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн ч өөрийнх нь дэмжих эмэгтэйчүүд, залуучуудад энэ нь давахгүй даваа гэдгийг ясандаа тултал мэдэрсэн гэлцэж байна.

Арга ч үгүй биз.

Түүний мөрөөдлийн багийн нөхөд болоод өөрийнх нь хувьд ч сурталчилгааны 18 хоногт 3-4 аймгийг бүтэн тойрч, сонгогчдын санаа бодлыг эргүүлнэ гэдэг үлгэр нь үнэн. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны гишүүд Цэцийн дүгнэлтийг асуулт, хариултгүйгээр дэмжин, ийн кнопдов бололтой.

Тэрчлэн авлига албан тушаалын хэрэгт хутгалдсан нөхөддөө мандат олгохгүй хэмээн МАН-ын генсек мэдэгдээд байгаа. Түүний мэдэгдлийн дараа нам доторх фракциудын зодоон өндрөө авч гантиг ордноосоо хальчихсан.

Газрын маргаантай холбоотойгоор хийгдэх нээлттэй сонсголыг угтуулан хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэлдэх хүрээлэн сэдвээр “хүү” түлхэж Н.Багабанди, М.Энхболд нарыг өрөг дээр дуудав.

Түүний нүүдэл Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдавааг “Н.Багабандийн хоёр, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хоёр хүүхэд Төв цэнгэлдэхийн 7 га газраас авсан” хэмээн зарлахаас аргагүй байдалд оруулав бололтой.

М.Энхболд, Ц.Батбаяр нарын фракци нийслэлд ноёлж байхад А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарын 7 иргэнд нийт 3.500 ам.метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн нь энэ өдрүүдэд ил болж байна. Улмаар 2005 онд авсан “Стадион Оргил-2” байршлын 17.011 газартаа Н.Багабандийн хүү Б.Батбаяр, охин Б.Баярмаа нар үйлчилгээний барилгын зориулалтаар 2021.06.29-нд архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байж таарав. Тэрбайтугай Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани, Соёлын сайд Ч.Номингийн аав Л.Чинбатын компани ч дээрх газраас хүртсэн нь тодорхой болж байна. Тиймээс Х.Нямбаатар өмнөх Засаг ноёдыг АТГ-т шалгуулахаар болсноо мэдэгдлээ.

Н.Багабандийг ийнхүү “өрөг”-т дуудсан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өгч буй анхааруулгын нэг хэлбэр хэмээн тайлбарлах ажиглагчид байна.

Учир нь, сүүлийн үест МАН-ын эрх мэдлийн орон зайд жинтэйхэн орж ирж, нэр дэвших квотын 30 хувьд эзэн суухаа илэрхийлээд зогсохгүй Л.Оюун-Эрдэнийг “мангар бацаан”-аар чичлэн, генсекийн суудлыг Н.Учралд авч өгнө гэсэн шуум зэрэг нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг нэгдэж алхам хийхэд хүргэсэн гэлцээд байгаа. Нөгөөтэйгүүр энэ бүхэн нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын албан бус зөвлөх, шруптэгч гэгддэг Х.Баттулгын түлхсэн нүүдэл ч байж болзошгүй гэх яриа Тусгаар тогтнолын ордноор хүчтэй тэнүүчилж буйг энд хэлэх хэрэгтэй.

Магадгүй, Сү.Батболдтой холбоотой дуулиан эрчтэй дэгдэн, дотоод гадаадын хэвлэлээр шэйрлэгдэн шидэгдэж буй нь ингэж хардахад нөлөө үзүүлсэн байж мэднэ.

Эдгээртэй холбоотой мэдээллийг жич хүргэх тул энд ингээд орхих нь зөв юм. Ямартай ч эрх баригч намын Удирдах зөвлөлийн түвшинд улаан “гал” дүрэлзэж эхэлсэн бөгөөд Г.Занданшатарын даргалсан унхиагүй УИХ-ын балгаас болж УИХ-ын ээлжит сонгуулийг хуучин дүрмээр явуулж мэдэхээр болчихлоо. Тэгвэл 126 гишүүний нэг болно хэмээн хөөрцөглөж явсан нөхдийн тал нь шахам хамраараа газар хатгаж, намын даргаа үл ойшоон сэмбэгнэж явсны горыг хатуухан хүртэх шоглоомд унана.

Үргэлжлэл бий…