Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон бол намын байраар эргэлдэж, даргын хаалгыг тогшоод хэрэггүй гэдгийг Л.Оюун-Эрдэнэ эртнээс гишүүддээ хаягласан. Тэр дундаа Хөгжлийн банк болоод нүүрсний хэрэгт нэр холбогдсон бол ирэх сонгуульд нэр дэвших тийз олгохгүй. Улмаар намын Бага хурлаар үгээ албажуулж, нэр дэвшүүлэхгүй байх нэгдсэн тохиролцоонд хүрснээ ч генсек Д.Амарбаясгалан олон нийтийн өмнө мэдээлж байв.
2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадахгүй гишүүн МАН-д олон бий. Гэсэн ч тэд сонгуулийн сургаар намын байраар эргэлдэж, удирдлагуудынхаа хаалгыг тогшиж, хаа явсан газар нь бараа бологч хийн гүйх болжээ.
Жишээ нь, хотын дарга Х.Нямбаатарыг бараадан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллах болов. Х.Ганхуягийн хувьд Г.Амартүвшин гишүүнийг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхад нь нөлөөлж, бусадтай үгсэн хуувилдаж, ээжийнхээ компаниар дамжуулж 33 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас хууль бусаар авсан гэх үндэслэлээр Хөгжлийн банкны гэх тодотгол бүхий хэрэгт яллагдагчаар татагдаж байв.
Хавтаст хэрэгт дурдсанаар яллагдагч Хассуурийн Ганхуяг нь өөрийн үүсгэн байгуулсан “Глобал Майнинг Сервис” ХХК-аар дамжуулан хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн 98 хувийн хувьцааг эзэмшиж, “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны дарга Г.Амартүвшинд хууль бусаар нөлөөлсөн. Улмаар Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн байдаг.
33 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой эл хэргийн талаар Х.Ганхуяг “Хөгжлийн банкнаас авсан зээл бол УИХ-ын гишүүн болохоос өмнө болсон үйл явдал. Би тухайн зээлийг авахад ямар нэг нөлөө үзүүлэх боломжгүй. УИХ-ын гишүүнээр ч сонгогдоогүй байсан” гэх тайлбарыг хийдэг билээ.
2020 оны сонгуулиар МАН хэрэгт холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй хэмээх үгэндээ хүрч, ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдсон Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Б.Ундармаа нарт мандат олгоогүй. Энэ удаад Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрнэ гэдэг Х.Ганхуягаас эхлээд олон гишүүн нэр дэвших боломжгүй гэсэн үг.
Тийн атал намын байраар эргэлдэж, хотын даргыг сүүдэрлэн, тойргоо “тослон”, усалгаа хийж гүйгсэд сүүлийн үед МАН-д олшрох шинжтэй.