УИХ-ын сонгуульд нийт 2 сая 224 мянган сонгогч санал өгөхөөс 1.4 сая гаруй иргэн буюу 69.3 хувь нь саналаа өгөв.
Санал хураалтын дүнгээр МАН олонхийн санал авч, АН удаалж, ХҮН, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам парламентад суудалтай боллоо. Ингэснээр МАН дараагийн дөрвөн жил Засгийн газраа тэргүүлэх болж байгаа юм.
Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явагдсан бөгөөд намын нэрийн жагсаалтаар урьдчилсан дүнгээр
- МАН тойргоор 50, жагсаалтаар 18
- АН тойргоор 26, жагсаалтаар 18
- ХҮН нам тойргоор 2, жагсаалтаар 6 суудал авахаар байна.
Харин Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвслээс тус бүр жагсаалтын эхний дөрвөн нэр дэвшигчээ УИХ-ын гишүүн болгох боломжтой болов.
Мөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга 4-р тойрогт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулав. Ингэснээр Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн УИХ-д сонгогдсон анхны тохиолдол бүртгэгдэж байгаа нь энэ.
УИХ-д сонгогдсон гишүүдээс хамгийн залуу нь 27 настай С.Цэнгүүн. Тэрбээр АН-ын жагсаалтын дөрөвт эрэмбэлэгдэж байсан юм.
Харин энэ парламентын хамгийн ахмад гишүүнээр МАН-ын жагсаалтын тавдугаарт бичигдсэн Д.Рэгдэл нэрлэгдэж байна. Тэрбээр өдгөө 73 настай.