УЕПГ-аас Прокурорын байгууллагын 2024 оны хяналтын ажлын дүн мэдээ, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.
Прокурорын байгууллага 2024 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 64 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1973 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
Тухайлбал,
-Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан 206.6 сая төгрөг,
-Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 330.3 сая төгрөг,
-Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 603.4 сая төгрөг,
-Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 2.5 тэрбум төгрөг,
-Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 28.4 тэрбум төгрөгийн хохирол, төлбөрийг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
Үүнээс 1337 иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 33.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.
Үүнд,
Иргэний нисэхийн ерөнхий газрын хүсэлтээр “гэрээний үүргийн гүйцэтгэл”-тэй холбоотой 411.1 сая төгрөг, Нийгмийн даатгалын газрын хүсэлтээр “нийгмийн даатгалын шимтгэл, алданги гаргуулах”-тай холбоотой 26.6 тэрбум төгрөгийг гаргуулсан байна.
Түүнчлэн Төрийн байгууллагын хүсэлтээр “ажил гүйцэтгэх гэрээ”-тэй холбоотой 9.1 тэрбум төгрөг, “Түрээсийн гэрээ”-тэй холбоотой 8.4 тэрбум төгрөг гаргуулах иргэний хэрэгт прокурор төрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдээр оролцож төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан ажилласан байна.
Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих явцад 312 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Прокурорын байгууллагаас 2024 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хорих анги, цагдан хорих байр, баривчлах байр, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж, 312 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Прокурор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж буй эсэхтэй 6740 удаа танилцаж, 1112 шалгалт, судалгаа хийсэн байна.
Шалгах, танилцах ажиллагаагаар холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 2765 зөрчил илрүүлсэн байна. Тиймээс илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 196 прокурорын шаардлага хүргүүлж, биелэлтийг тооцож ажиллажээ.
Прокурорын эсэргүүцлээр хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн 668 шийдвэрийг зөвтгүүллээ
Прокурор 2024 онд эрүүгийн хэргийн анхан шатны 14938, давж заалдах шатны 2565, хяналтын шатны 125 шүүх хуралдаанд тус тус оролцож, дүгнэлт гаргасан. Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрт 882 эсэргүүцэл бичсэн байна. Үүнээс давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлсэн 843 эсэргүүцлийн 633 буюу 75.1 хувь, хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлсэн 39 эсэргүүцлийн 35 буюу 89.7 хувь нь биелсэн байна.
Иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос 22,877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ
Прокурорын байгууллагаас 2024 онд иргэн, хуулийн этгээд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 22.877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлээ. Үүнээс 82.3 хувь нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос, 3.3 хувь нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлт байгаа аж.
Мөн ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 261, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 192 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэжээ. Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдээс нийт 1195 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн. Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 67.1 хувь нь хүний нөөц, 1.5 хувь нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой байгаа бол 31.4 хувь нь бусад асуудлаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт гаргажээ.