Намрын улстөр нүүрс биш шүүх засаглал руу эргэв. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн Засгийн газрын хуралдаанаар Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас санал дүгнэлтээ өгснөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.

“Шүүх эрх мэдлийн салбарын бүтцийн өөрчлөлтийг хийхийг зорьж байна. Шүүхийн тогтолцоог өөрчилнө. ШШГЕГ-т бүтцийн өөрчлөлт хийх тухай Шүүх байгуулах тухай хуульд тусгана” гэх мэдэгдлийн зэрэгцээ шүүхийг Ерөнхийлөгчийн мэдлээс салгах утгыг давхар дайчихсан.

Тэрбээр 2020 онд хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Шүүхийн эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс салгах нь амар улс төр биш” гэдгийг онцолж байсан бөгөөд тухайн үед хэлсэн ярьснаа энэ намар ажил болгох нь бололтой.

Ер нь ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах, огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй атлаа байсхийгээд Засгийн газрын тэргүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарыг огцруулах тухай хэлэлцсэн гэх дуулиан тариад суух нь хэнд таатай байх билээ.

Нийт шүүгчдийн чуулган удахгүй болно.

Ерөнхий сайдын зүгээс тус чуулганд жинтэйхэн үг хэлээд хуулиа зүтгүүлнэ гэх прогноз бий. Улмаар шүүгчдийн авлигын асуудлыг хөндөхөөр багц, багц баримт гартаа атгачихсан яваа гэдгийг ойрын нь эх сурвалжаас хэлж байна.

Тэрчлэн хамгийн том сонирхол нь нам доторх У.Хүрэлсүхийн нөлөөллийг шүүхийн тухай хуулиараа буулгаж авах, үүндээ Б.Ганхуягийг хэн хэн нь ашиглаж байх магадлалтайг нэмж тайлбарлаж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг шүүгчдээсээ татгалзсан.

Тэднийг худалдагдаагүй гэж хэн нотлохын хэмээн ноцсон нь орхигдуулж болохгүй өнцөг. Гэхдээ түүний эл хэгжүүрхэлд хариу болгон “Өмгөөлөгчдөдөө эхлээд эргэлз” гэх мессэжийг зарим нэг шүүгчийн зүгээс цахим орчинд, хувийн хаягаасаа жиргэсэн харагдсан нь мөн л анхаарал татаж байгаа.

Нүүрсний гэх хэрэг тойрсон эл асуудлын хүрээнд Ерөнхий сайдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт Д.Наранхүүг урд хөршөөс авчрахыг үүрэгдсэн.

Хэрэг шалгагдаж эхлэх үеэр буюу өнгөрөгч 2022.12.09-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, БНХАУ-д бүгээд байсан Д.Наранхүү УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нартай ойрын харилцаатай нэгэн. Түүнийг олж ирэхээр шийдсэн явдлыг нэг талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хорхойтой араанд зуугдчихаад буй Ш.Раднаасэдийг нэгмөр “золигт” гарган нүүрсний хэргийг дарах нь гэж байгаа ч нөгөө талдаа Д.Наранхүү ам нээхэд Д.Амарбаясгаланд холбогдох асуудал шинэ дуулиан болон дэгдэнэ гэдгийг улстөрчид хэлж байна. Эл таамаглалд жин дарж, Д.Наранхүүг гадагш зугтаалгасан хүнээр эрх баригч намын генсэкийг нэрлэж буй нь Монголын улстөрийн гал тогоо халуухан байгаагийн илрэл биз.

Намрын чуулган ийнхүү ширүүхэн эхлэх сураг ажгийн хажуугаар АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогттой холбогдох хэргийг дахин сөхөхийг улстөрийн зарим бүлэг фракциас эрчтэй шаардаад эхэлсэн.

Тэрбайтугай, С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрээр нийтийн сонсгол хийхийг дэмжиж 10 орчим гишүүн гарын үсгээ зурчихлаа. Сонсгол хийхийг дэмжсэн гишүүдийн тоо 19 хүрэхэд шаардлага албажина.

АН дотор С.Баярцогтын эсрэг хөдөлгөөн хэдийнэ өрнөж, намын байрны гаднах жагсаал эрчимжих нь тодорхой болж байгаа. Гэхдээ ингэлээ гээд нэгэнт хүчээ авсан С.Баярцогтыг унагаж хүчрэхгүйн дээр АН-ын суларсан орон зайд МАНАНгийнхны бүтээсэн гэгддэг ХҮН намыг өндийлгөж, улстөрийн хоёрдогч хүчнээр хүч түрэн орж ирэхэд нь санаандгүйгээр нэмэр болох биз. Гэхдээ тэнд С.Баярцогт савлахад энд Сү.Батболд сандарч байна гэх мэдээлэл хүчтэй яваад байгаа. Тэгэхээр С.Баярцогтыг чиглэсэн хүч Сү рүү хамт явахад асуудал өөрөөр эргэчихэж мэдэх юм.

Ямартай ч орон нутгаар хөх туг намируулсан Х.Баттулга, С.Ганбаатар нар Өмнөговь хүрээд аянаа өндөрлүүллээ. Зөв ч биз. Түүгээр, үүгээр мөнгө цаг үрж явахаар Нийслэлийн АН-ын даргын суудлын марафонд тархиа ажиллуулж, эд эсээ шатаах нь ононо.

Нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл цахим хуудастаа “Намын дарга Л.Гантөмөр Х.Баттулгатай тохирсон уу, Д.Сумьяабазарт дийлдсэн үү. Эсвэл нам дахь люмпенжсэн хэсэг залуустаа тал зассан уу. Ямар ч байсан намайг нийслэлийн намын даргаас зайлуулжээ. Уг нь дүрэмтэй л дээ. 24 оны нийслэлийн сонгуульд хэрхэхийг Л.Гантөмөр мэдтүгэй, амжилт” гэх үгээр гомдлоо гаргаад шидчихсэн.

Тэгэхээр АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын дарга сонгох “зодоон”-ы дундуур нийслэлийн АН-ын даргын марафон нэлээд ширүүн өрнөх нь ойлгомжтой харагдаж байна. Ядаж байхад намын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилоогүй байгаа.

Уг нь АН эмхлэгдэн, Л.Оюун-Эрдэнийг Х.Нямбаатартай хамт “дарж”, Сү.Батболдын фракц У.Хүрэлсүхийн дэмжлэгээр МАН-д ноёлох ёстой “зураг” эрх баригч намын эрх мэдэлт гол тоглогчийн халаасанд нэлээд удсан гэгдэж байна. Тэр “зураг”-аар Г.Занданшатарыг дараагийн намын дарга, Ерөнхий сайдаар нэрлэн зурсан бөгөөд бүх зүйл сценарийн дагуу хэвийн явагдаж байсан юм байх.

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ өөр хөзөр гарган шидэж, хотын дарга Д.Сумъяабазарын хэдэн туслахын хүрээнд “сэлэм” эргүүлээд зогсохгүй Шүүхийн тухай хуулиар “цагаан хэрэм” босгоод тоглолтыг гартаа авчихлаа гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Тэрбээр намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн хотын даргын орлогч З.Төмөртөмөө, Ж.Сандагсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзулыг өмнөх Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар гэх агентлагийнх нь захиран зарцуулсан хөрөнгө, зардалтай холбогдуулан шалгах ажлыг эхлүүлж магадгүй бололтой.

Худлыг мянга давтахаар үнэн болдог гэдэг.

Засгийн газар болоод Ерөнхий сайдын нэр хүнд, үйл ажиллагааг шүүмжилсэн сошиал дайралтын ард хотын хэвлэлийн алба байдаг гэх жиг жуг Л.Оюун-Эрдэнийн эгдүүцлийг ихээхэн хүргэсэн гэлцэх. Магадгүй, хотын даргыг магтан сайшаадаг инфлүүнзерүүд эсрэгээрээ Ерөнхий сайдыг чичлэн шүүмжилсэн постуудыг байсхийгээд шиддэг нь эрх баригч намын даргыг нийслэлийнхээ намын хороон даргатай гэдсэндээ хөлөө жийлцэхэд хүргэдэг ч байж болох юм. Нөгөөтэйгүүр, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхий сайдыг буруутгалаа хэмээн байсхийгээд сэвэгддэг мэдээллийг Г.Хонгорзулын “ажиллагаа” гэж үздэг гэдгийг эх сурвалжаас хэлж байна. Учир нь, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга эл эмэгтэй өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн албыг ахалж байсан бололтой.

Ямартай ч улстөрийн гал тогоо аль, аль намын дотооддоо ширүүхэн байна.

Сү.Батболдын хүмүүсээр удирдлагын багаа бүрдүүлсэн гэгддэг Тагнуулын ерөнхий газар ч халаа сэлгээ, хойшоо урагшаах савалгаанд өртөж мэдэхээр байна.

Үргэлжлэл бий…