Намрын ээлжит чуулган гишүүдийн 71.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ парламентын намрын отгон чуулганыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээв. Тэрбээр “Хуучинсаг, хөшүүн, хаалттай, нууцтай, дүлий төр ард үлдэж, эсрэгээрээ нээлттэй, хурдтай, ил тод, ард түмэнтэйгээ ямагт хамт байдаг, хүчтэй төрийг төлөвшүүлэхийг иргэд дуу нэгтэй шаардаж байна. Энэ шаардлагын дагуу УИХ шуурхай, мэдрэмжтэй ажиллаж, иргэдийн засаглах, мэдэх, хянах, хариуцлага тооцох, оролцооны эрхүүдийг баталгаажуулсан олон хууль тогтоомжийг баталсан.
ндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дамжуулан иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой парламентын хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөтгөсөн. Хянан шалгах түр хороо, Нийтийн сонсгол зэрэг ард түмний хяналт, оролцооны эрхийг энэ хуулиар баталгаажуулсан. Одоо иргэдийн бухимдлыг төрүүлсэн элдэв булхай луйврыг төрийн эрх барих дээд байгууллага ард түмэнтэйгээ хамтран хянан шалгах бүрэн эрхтэй болсныг та бид тууштай хэрэгжүүлэх ёстой” гэсэн юм.
Мөн тэрбээр Ардчиллын манлайлагч С.Зоригийн хэлсэн үгнээс иш татахын сацуу “Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж илчлэгддэг болжээ. Хууль зөрчсөн, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцэж, ажиллах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр, иргэний итгэлцэл алдарна” гэв.
Түүнчлэн нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал гэдгийг тодотгож, УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой хэмээн үзэв.
Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэн тэргүүнд зохион байгуулахыг иргэд биднээс шаардаж байгааг анхааралдаа авахыг Түр хорооноос хүссэн юм.
