Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүний зөрчил Засгийн газар төдийгүй парламентыг тарааж мэдэхээр байна. Төсөв хэлэлцэж, өвөлжилт хэрхэн давахаа ярилцах цагаар нэг гэрт багтахаа больтол сайн муугаа дуудалцаж буй эрх баригчид энэ цаг үед парламентаа тараавал цусаар уйлаад ч сонгогчдын итгэлийг хүлээж чадахгүй биз.

Ирэх оны төсөв хэлэлцэн батлах хуулийн хугацаатай намын Их хурлын товыг давхцуулсан нь тэдний гол алдаа болох шиг боллоо. Энэ зөрчил дунд Д.Амарбаясгаланг намын даргаар Улсын Дээд шүүх ч албажуулахгүй биз.

МАН-ынхны үе хоорондын, тэр дундаа нам дамнасан бүлэглэлээс нэгмөр сална гэсэн зодоон АН-д тун таатай байх нь ойлгомжтой. Тийм ч учраас АН-ыг дэмжигч хэвлэл, инфлүүнсэрүүд тэдний зөрчил дээр зөрчил нэмж, давс тос хослуулан цацаж байгаа нь ил цагаан харагдах болж.

У.Хүрэлсүх Х.Баттулга Увс бүлэглэл гээд аль ч талд нүүртэй О.Цогтгэрэлийг Улсын Дээд шүүх 14 хоногт АН-ын даргаар бүртгэсэн. Мань эр УИХ дахь намын бүлгийн даргын албаа өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй байгаагаа далимдуулж улстөрийн нөхцөл байдал дээр чадлынхаа хэрээр наадаж байх шиг байна.

Спикерийн мэдэгдэл бүрийн араас чуулганы хураалдаанд суухаас татгалзсан хариу барихын зэрэгцээ Г.Занданшатарыг ирэх онытөсвөө эгүүлэн татахыг ч тулгаж үзэв. УИХ-ын гишүүн Ж.Баярмааа Д.Ганбат тэргүүтнээр 36 их наядын алдагдалтай нүүрсний гэрээ хийгдсэн эсэхийг шалгуулах санаачилга гаргуулж Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ Ц.Туваан А.Амундра болон Бодь группийг ч хөдөлгөөнд оруулан Н.Энхбаярын эхлүүлсэн фактад цучил нэмж байна. Асуудлыг чуулганаар хэлэлцэх эсэхээс үл хамаарч өндрөө авах, Ц.Туваан Х.Баттулга нарыг тайван унтуулахгүй л дэгээ.

Зөв өө… Сөрөг хүчний дарга ийм үед л ажиллахгүй бол өөр хэзээ гэж.

МАН-ын дотоод зөрчил хурцдах хэрээр төрийн ажил гацаж, намын хагарал төр түмний зовлон болох тусам АН-д сайн. Хичнээн жил гудамжинд хашгирч, эрх баригчдын өгсөн өөхөөр хоног өдрийг аргацаах билээ. Өвлийн жавар өвдөг жиндүүлж, өлсч зутарсан иргэдийн бухимдал талбайд гарч тэсрэх цагийг ямар ч сөрөг хүчин тэвчээртэйгээр хүлээх нь зүй биз.

Засаг огцрохтой зэрэгцээд ирэх оны төсвийг баталж амжаагүй үндэслэлээр парламент тарах үндэслэл бий болно.

Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн, түүхэн дэх анхны 126 гишүүнтэй УИХ бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарсан гэгдэх гашуун өдрүүд хаяанд байна.

2027 2028 онуудыг хүлээх шаардлага АН-д алга гэсэн үг.

Үүнийг, УИХ-ыг яг энэ цаг үед тараах нь оновчтой шийдэл гэдгийг О.Цогтгэрэл олж харсан байх. МАН-ын унаж буй нэр хүнд дээр дөрөөлж АН Засгийн эрхэнд гарах, намын дарга а л болж чадахгүй бол юу юу ч үгүйгээр гэртээ харихаас өөр замгүй болсон Г.Занданшатар нарын хүсэл, хувьсгалын тохироо бүрдсэн өдрүүд гэчихэд ташаарсан болохгүй биз. Тиймээс өрнөж буй үйл явдал бүх талын хүчин зүйлтэйгээр улам бүр өрдөгдөнө үү гэхээс намжих нь юу л бол…

Дахин сонгуууль явуулах зардал О.Цогтгэээл Г.Занданшатар тэргүүтний халааснаас гарахгүй тул нүүрсний хулгайчдаар дүүрсэн УИХ-ыг тарааж улс түмнийхээ ирээдүйг бодъё гэх өнцөг энэ долоон хоногт эрчээ авч мэднэ. Юмны үнэ өсч, утаа түгжрэлд нуруугаа авахуулсан ард олонд таалагдах өнцөг. Ядаж байхад ухамсар өндөр нэгний уруул давж унахааргүй хараалч үгтэй, хэрүүлч түшээдтэй энэ парламент олны жигшил зэвүүцлийг ихэд төрүүлж, бушуухан тарааж буцааж татам болсон нь үнэн.

Тэгэхээр УИХ тарж дахин сонгууль явуулбал ялагч нь гарцагүй АН байна.

МАН-ын эвлэхээргүй болсон эвдрэлцэл дээр Х.Баттулга Ц.Туваан тэргүүтнийг намаасаа хөөчихвөл О.Цогтгэрэлд илүү дутуу сурталчилгааны ч хэрэггүй болно. 15 давхрынхныг намаасаа цэвэрлэлээ гэхээс илүү пиар гэж хаана байх билээ. Тэгэхээр О.Цогтгэрэлийн АН 2028, 2032 оны сонгуульд дараалан ялна гэсэн амбиц нь энэ үеэс эхэлж мэдэхээр байгааг анзаарах нь илүүдэхгүй юм.

УИХ-ын гишүүн Н.Алтануягийн туслахаар улстөрд хөл тавьж байсан энэ эр богино хугацаанд өсч АН-ын дарга болчихоод сууж байгаа нь бизнесийн салбараас гадна улстөрд ч шаггүй “наймаачин” гэдгээ харуулж буй хэрэг биз.

АН-д мөнгөтэй, бас бүлэглэлтэй нь ялдаг бичигдэгүй дүрэм бий.

Тэгэхээр АН-ын аманд багтаж О.Цогтгэрэлд Засгийн эрхээ шилжүүлэхгүй гэвэл Г.Занданшатар Засгаа тэргүүлж, Д.Амарбаясгалан алх цохих мэдэлтэйгээ үлдэхээс өөр эвтэй хувилбар үгүй байх. Эс бөгөөс өндрөө авсан галд өөрсдөө шатаж нэг л өглөө О.Цогтгэрэл гэх Ерөнхий сайдтай, Н.Алтанхуяг гэх Ерөнхийлөгчтэй болчихсон суухыг хэн байг гэхэв…

Улстөрийн өрөг хатуу, унасан бөхөд дахиж дэвэх хугацаа даанч үгүй нь үнэн.

Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийн гэх нам дамнасан бүлэглэлээс Увсын гэх бүлэглэл рү улс жолоодох эрх алгуураар уусан шилжиж мэдэхээр буйг энд хэлэх нь зүй бөгөөд илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: www.niigmiintoli.mn