Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүх 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Шэньси мужийн Олон улсын хятад хэлний боловсролын судалгааны ассоциаци (Shaanxi International Chinese Education Research Association)-ийн гишүүн Жан Тяньинь (Zhang Tianyin)-ийг хүлээн авч уулзан, боловсрол, хэл, соёл болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд хоёр байгууллагын үйл ажиллагааны чиглэл, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулж, ХААИС-ийн сургалт, судалгаа, олон улсын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцов. Тухайлбал, ноён Жан Тяньинь
– Хөдөлмөрийн зах зээл болон нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, орчин үеийн эрэлттэй мэргэжлүүдээр хамтарсан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх
– Хэл, соёлын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, ХААИС-ийн бакалавр болон ахисан түвшний сургалтад суралцагчдын хятад хэлний мэдлэг, хэлний харилцааны ур чадварыг дээшлүүлэх, багш, оюутны солилцоо болон хэлний сургалтын хөтөлбөрүүдийг хөгжүүлэх
– ХААИС-ийн Ахлах сургуулийн сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар суралцагчдын тоог өсгөх, цаашид боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүллээ.
Шэньси мужийн Олон улсын хятад хэлний боловсролын судалгааны ассоциаци (Shaanxi International Chinese Education Research Association) нь 2021 оны 3 дугаар сард байгуулагдсан бөгөөд олон улсын хятад хэлний боловсролын онол, практикийн хөгжлийг дэмжих, судалгаа шинжилгээний төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Түүнчлэн Хятад болон гадаадын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжих, олон улсын оюутан элсүүлэх үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, “Study in China” боловсролын үзэсгэлэн, олон улсын академик арга хэмжээ зохион байгуулах, хятад хэлний багшийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг байна.
Шэньси муж нь олон улсын боловсрол, тэр дундаа хятад хэлний боловсролын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал бүс нутгийн нэг бөгөөд тус бүс нутаг дахь их, дээд сургуулиуд гадаадын байгууллага, их сургуулиудтай өргөн хүрээнд хамтран ажилладаг аж.
Уулзалтын төгсгөлд талууд дээрх санал, санаачилгуудыг цаашид нарийвчлан судалж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны бодит хэрэгжих боломжтой чиглэлүүдийг тодорхойлон, харилцан үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
