Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнийг 2026-2027 оны хичээлийн шинэ жил маргааш эхлэх гэж буйтай холбогдуулан зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнөөр дүүрэг дэх боловсролын салбарынхан болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОНӨТҮГ-ын удирдлагууд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил буюу засвар үйлчилгээ, сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдал, мөн хүүхэд хөгжлийн чиглэлээр явуулах сургалт, нэмэлт хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:
- Төрийн болон хувийн хэвшлийн нийт 69 цэцэрлэгт 12860 хүүхэд, төрийн болон төрийн өмчийн бус 57 сургуульд 65525 хүүхэд суралцана.
- Энэ хичээлийн жил манай дүүрэгт төрийн өмчийн 350-р цэцэрлэг нэмэгдсэнээр орны тоо 150-иар, төрийн бус өмчийн 2 сургууль нэмэгдсэнээр суудлын тоо 500-гаар нэмэгдлээ.
- Мөн энэ хичээлийн жилд манай дүүрэгт 3 хотхоны Бага сургууль байгуулагдаж байгаа бөгөөд Оюуны Ундраа сургуулийн 12 бүлгийн 432 суралцагч 88-р цэцэрлэгийн өргөтгөлийн байр, Эрдмийн өргөө сургуулийн 20 бүлгийн 540 суралцагч Нийгэм, сэтгэл судлалын сургуулийн байр, 73-р сургуулийн 8 бүлгийн 220 орчим суралцагч “Бяцхан монгол од” цэцэрлэгийн байранд тус тус хичээллэнэ.
Боловсролын салбар буюу цэцэрлэгт 655 үндсэн, 586 туслах багш, ЕБС-д нийт 3917 багш ажилтан ажиллахаас 2867 нь үндсэн багш байна. Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт:
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах Шуурхай арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2 сургууль, 15 цэцэрлэгийн дулаалга, сантехникийн их засвар болон бусад ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн 2026 онд нийслэл болон дүүргийн ТХО-аар 2 сургууль, 8 цэцэрлэгийн сантехникийн их засвар, 1 цэцэрлэгийн фасад дулаалга, 3 цэцэрлэгт зөөлөн эдлэл, гал тогооны тоног төхөөрөмж, мөн 3 цэцэрлэгийн сүлжээний утас, шалны халаалт гадна тохижилтын ажлыг хийж бэлтгэл ажлыг хангалаа. Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Дүүргийн нийт удирдах ажилтнууддаа маргааш хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор алба хаагчдадаа чөлөө олгох,
- Гудамж талбайд хөл хөдөлгөөн болон замын хөдөлгөөний эрчим нэмэгддэг тул Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс Теле камерын хяналтын төв болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах,
- “Баянгол Боловсрол” хөтөлбөрийн хүрээнд 9, 10-р сард хийх ажлын төлөвлөгөөг танилцуулах,
- “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гээс хүүхэд багачуудад зориулсан экологийн боловсрол олгох хөтөлбөрөө танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
