Засаг Даргын 2023 оны А/1030, Баянгол дүүргийн Засаг даргын А/303, А/331 дугаар захирамжийн хүрээнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зөвлөмжийг иргэдэд хүргэлээ.
Тэгвэл Баянгол дүүргийн гэр хорооллын бүсийн 9, 10, 11, 16, 20,21,22,23,29-р хороодын 6551 айл өрхөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, шахмал түлш хэрэглэх болон учирч болох аливаа эрсдэлээс өөрсдийн өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаарх зөвлөмж мэдээллийг хүргэлээ.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан зуух, пийшин, яндангийн битүүмж алдагдах, цэвэрлэгээ хийхгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан, зуухны битүүмж алдагдсан зэргээс шалтгаалан угаартах нөхцөл бүрдэж, иргэд угаарын хийн хордлогод өртөх, эрүүл мэнд, амь насаараа хохирох хүртэл эрсдэл үүсдэг.
Нүүрсхүчлийн дутуу ислийн хий нь үнэргүй, өнгөгүй, амтгүй, агаараас хөнгөн, тогтвортой, шатамхай хий учраас хүн хордсоноо мэддэггүй байх нь элбэг тохиолддог.