Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар оны өмнө огцрох шуумтай зэрэгцэн МАН-ын бага хурал хойшилж байгаа бололтой. Ирэх сарын 5-нд нүүрсний гэх тодотголтой УИХ-ын түр хорооны сонсгол болно. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын ахлан явуулах эл сонсголын урьтал болгон төв талбайд жагсаал зохион байгуулахаар МАН-ын хэсэг бүлэг залуус бэлтгэлдээ орсон мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Жилийн өмнөх энэ өдрүүдэд яг ийм орц, найрлагатай улстөр өрнөж, үр дүнд нь Д.Амарбаясгалан генсекийн суудлаа хадгалж үлдсэн.

Цухас саная.

2022.11.08-нд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлыг 2022.12.06-нд хийхээр товлосон. Бага хурлаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын намын үйл ажиллагааны тайлан илтгэл, Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын 2023 онд хэрэгжүүлэх эрхзүйн шинэтгэл гэсэн асуудлыг хэлэлцэхээр тогтсон талаар намын хэвлэлийн албанаас мэдэгдэж байв. Гэхдээ хурлын цөм нь Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон тул намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэн очих нь улстөрийн хүрээнийхний анхаарлын төвд байсан юм.

Гэтэл бага хурал болохоос хоёр хоногийн өмнө нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардсан иргэд гэнэт гарч ирэн, улмаар хэдэн өдөр үргэлжлэн жагссан тул МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов. Уг нь бага хурал товлосон хугацаандаа болсон бол Я.Содбаатар генсэкийн суудлыг авахаар намынхнаа бүрэн хайрцаглачихсан байсан гэдэг.

Эл жагсаалын өмнөхөн мөн л өнөөдөр шиг “МАН-ын Засгийн газар өөрсдөө жагсаал захиалдаг болсон” гэх шүүмжлэл нийгмийг талцуулж байв. Өмнөх дөрөвдүгээр сард нь хэдэн нөхөр “Ажлаа хий” гэж жагсмагц Засгийн газраас “Аан за за, ажлаа хийлээ” гээд буцаад орцгоочихсон гэгдээд байсан тул олонхи иргэн нүүрсний гэх жагсаалыг захиалгат хэмээн харж, хардаж байсан нь үнэн.

Энэ удаад НҮҮРСНИЙ гэх сонсгол МАН-д түймэр тавина гэлцэж байна.

Гэхдээ үүнтэй зэрэгцээд хэнийг яллаж, хэнийг авч үлдэх тохироо ид хийгдэж байж мэднэ гэх хардлага хүчтэй явж байгааг хэлэх хэрэгтэй. Сонсголыг хавар, магадгүй өнгөрөгч сард, үгүй дээ л энэ сард зохион байгуулах бүрэн боломж байсан ч тодорхой шалтгаангүй хойшилсоор ирэх сард товлосон нь энэ мэт элдвээр хардах үндэслэл болж буй биз. Тиймээс ч жинхэнэ хэрэгтнүүдээ хаацайлж ирэх сонгуульд түвэг, чирэгдэл учруулж болзошгүй гэсэн нөхдийг намнах ажиллагаа л болно хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа.

Сонсголыг товлосон ёсоор хавар зохион байгуулсан бол “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал дуудагдаж, олон үнэнийг дэлгэх байв. Тэрбээр анхны нүүрсний сонсголыг удирдахаар томилогдоод байсан УИХ-ын гишүүн Г.Ганболдод “сонсголд цахимаар оролцъё” гэсэн хүсэлт тавьсан байдаг. Гэвч эрх баригчид түүнийг заавал олж ирнэ хэмээгээд байгаа газар, маршрутыг нь санаатай санаандгүйн алин болох мэдэгдэхгүйгээр дэлгэсээр таг болсон. Түр хорооны дарга Г.Ганболдыг ч нүүрсний сонсголыг удирдах даргаас чөлөөлж, улмаар сонсголыг хойшлуулсан. Түүний “ажлыг” авсан Х.Нямбаатар ч сонсгол удирдах эрх үүргээ Б.Энхбаярт шилжүүлсэн зэргээс үзвэл нүүрсний сонсгол гэх ажиллагааны зорилго илтэд өөрчлөгдсөн болов уу.

Үйл явдлыг ухраагаад өмнөх он дээр авааччихсан юм уу гэмээр энэ тэнд хэсэг бүлгээр жагсах жагсагчдын сураг ажиг дуулдан, Л.Оюун-Эрдэнийг кабинетаараа огцрох шалтаг шалтгаан гаргаж өгөхийг У.Хүрэлсүхээс хүсч орсон гэлцээд эхэллээ…

Эл шуумаас өмнө дараагийн Ерөнхий сайдаар Д.Амарбаясгалан нэрлэгдэж, Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын дундуур хар муур гүйлгэсэн хүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чичлэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгаланг Германд явахад тухайн улсын хэвлэлээр нүүрсний хэрэгтэн хэмээн бичүүлж, цавчаа ногооны дуулианыг дэгдээсэн гэх асуудлын “найруулагч” нь тэр юм байх. Д.Амарбаясгалан, Я.Содбаатар нарыг хэзээнээсээ таарамжгүй харьцаатай, хоноц хоноцдоо дургүйн үлгэрээр хэн нэгнийгээ У.Хүрэлсүхийн дэргэдээс холдуулахаар “яс шидэж” явдаг гоомой эрс гэлцдэг намынхных нь яриа эл хардлагын эхлэлийг тавьсан байж мэднэ.

Өмнө нь Д.Амарбаясгалангийн эзгүйд Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдад томилж байсан явдал намын дотоодод хэсэгтээ таагүй уур амьсгал үүсгэж байсан гэгддэг.

Тэр тухайд цухас санах гээд оролдъё л доо…

2018.09.06-нд Булганд уулзалт болж, тухайн үед Ерөнхий сайд, МАН-ын дарга байсан У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Зам тээврийн хөгжлийн экс сайд Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар оролцсон байдаг. Энэ үед Д.Амарбаясгалан Өвөрхангайд явсан тул эл уулзалтад очиж амжаагүй гэдэг. Уулзалтаар Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилох талаар хэлэлцсэн гэх бөгөөд мань эр ч сарын дараа сайд болсон байдаг.

Харин энэ удаад Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд болгож, Я.Содбаатарт генсекийн суудлыг өгөх тохироо хийгдсэн гэж буй ч үнэн хэрэгтээ Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх нарын хэн хэнийх нь халаасанд огт өөр хувилбарууд бий бололтой.

Д.Амарбаясгалан хэдхэн сарын настай Ерөнхий сайдын суудлаас татгалзаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг гаргаж ирэх магадлал өндөр байгаа талаар тус намын удирдах зөвлөлийн цөөн нөхдийн хүрээнд яригдаж байна. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр Х.Булгантуяаг томилуулахын тулд хурлыг цаг агаарын нөхцөл байдлын улмаас гэх шалтгаанаар хойшлуулан байж хайрцаглаж чадсан гэгддэг Д.Амарбаясгалан энэ удаад намын бага хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихлаа гэх мэдээллийг ч тэдний зүгээс өгч буй юм. Үнэхээр ч зам даваа хаагдаагүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсоогүй байх үед хэдийнэ товлож, хугацаа заачихсан байсан хурлыг хойшлуулан байж тус намын эмэгтэйчүүд нэг хүн мэт хайрцаглагдан, ярсхийтэл гар өргөж байсан гэлцдэг.

Х.Булгантуяа Д.Амарбаясгалан Ц.Чулуунзагд нарыг хэтэвч нэгтэй гэх хардлага хэзээнээс байсаар ирсэн. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг жич хүргэх тул энд түр орхиё.

Д.Амарбаясгалангийн халаасанд Х.Булгантуяагийн нэр яваа гэдэгтэй адил У.Хүрэлсүхийн халаасанд богино ч болов хугацаанд Сангийн сайд Б.Жавхлангаар Ерөнхий сайд хийлгээд үзэх давхар санаа агуулаастай төдийгүй үүнд нь саад болсон хэнд болов хатуухан “шанаа” өгнө гэдгийг тун ойрын нь эх сурвалжаас өгч байна. Тиймээс сүүлийн өдрүүдэд У.Хүрэлсүх рүү чиглэсэн, түүнийг муу муухай харагдуулах гэсэн элдэв чимэгт мэдээллүүд сошиалд гэнэт гэнэтхэн тавигдах болсон төдийгүй магадгүй, Засгийн газрыг огцруулахыг шаардсан бус Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө шилгээх “жагсаал” хийгдэж болзошгүй гэх цочир шуум дэгдээд эхэлсэн юм байх.

Үргэлжлэл бий…